Ким Чен Ун ОХУ-д амиа алдсан солонгос цэргүүдийн дурсгалыг хүндэтгэв
Анд нөхдийн мэдээ
2025-07-01
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун Оросын Курск мужид болсон тулалдаанд амиа алдсан солонгос цэргүүдийн дурсгалыг хүндэтгэсэн талаар Их Британийн “The Guardian” сонин өнөөдөр мэдээллээ. ОХУ, Хойд Солонгос улсууд Стратегийн иж бүрэн түншлэлийн гэрээ байгуулсны нэг жилийн ойг тохиолдуулан Пёньян хотын Их театрт өчигдөр зохион байгуулсан ёслолын ажиллагааг үзүүлсэн телевизийн нэвтрүүлэгт Ким Чен Ун БНАСАУ-ын далбаагаар бүтээсэн авснуудад гар хүрэн хүндэтгэл үзүүлснийг “The Guardian” эш татжээ. Орос-Украины дайнд Хойд Солонгосын арми ихээхэн хохирол амсаж байгааг олон нийтэд мэдээлэхээс зайлсхийж буй өнөөдрийн нөхцөлд энэ нь ихээхэн өвөрмөц үзэгдэл болохыг “The Guardian” тэмдэглэсэн байна. Ёслолын хүрээнд болсон урлагийн тоглолтын үеэр тайзан дээр солонгос дуучид цэрэг-эх орны сэдэвтэй дуу дуулж байхад арын дэлгэцэн дээр үзүүлсэн бичлэгүүдийн дундуур амь үрэгдсэн цэргүүдийн шарилыг биеэр хүлээн авч буй Ким Чен Уны фото зургуудийг харуулжээ. Оросын regnum.ru сайтын нийтэлснийг үзвэл, мөн танхимд хийсэн бичлэг дээр үзэгчид төдийгүй удирдагч Ким Чен Ун, түүний охин Ким Жу Э нар нулимсаа барьж чадахгүй байгаа нь харагдаж байна. Ёслолын арга хэмжээнд Кремлийг төлөөлөн оролцсон Соёлын сайд Ольга Любимова ч сэтгэл нь хөдлөн нулимсаа арчсаныг уг сайт онцолжээ. Харин О.Любимова “Олон мянган хүнтэй танхим цэргийн тусгай ажиллагаанд оролцсон баатруудад зориулсан сэтгэл хөдлөм дуунуудыг нүдэндээ нулимстай сонслоо” хэмээн бичсэн байна. ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Шойгу өнгөрсөн сарын 17-нд Пёньянд айлчлах үеэрээ, Курск мужийг чөлөөлөх тулалдаанд амь үрэгдсэн Хойд Солонгосын дайчдын дурсгалын цогцолборыг Москва, Пёньян хоёр хотод байгуулахаа мэдэгдсэн юм.
Гэрэл зургийн эх сурвалж: KRT/ REUTERS
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.